2009 оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр Монгол Улсын ерөнхийлөгч байсан Намбарын Энхбаяр Бээжин хотыг санд мэнд зорьсон бол тус оны мөн сард Казакстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев мөн л БНХАУ-н тэргүүн Ху Жин Таогийн урилгаар урд хөршид саатаад гарсан. Угаас Орос, Хятадын асуудалдаа даруулсан Монголчууд хөрш Казакстан улсад юу болж байгааг анзаарах ч сөхөөгүй байдаг тул Назарбаевын айлчлалыг сонсоо ч гүй хүн олон байх. Харин Энхбаярыг тухай үедээ хадам ээжийгээ эмчлүүлэх нэрийдлээр сонгуулийн асуудлаас зугатааж Бээжин орлоо гэсэн яриа нэгэн хэсэг хоосон гудамж дамжин хийссээр аяандаа замхарсан билээ. Гэвч энэ хоёр төрийн тэргүүний самамсаргүй мэт давхар айлчлал нь угтаа хоёр улс цагаан баавгайн савар, хятад гүрвэлийн хумсанд хамтдаа базагдан тарчилж байгааг илтгэх ажээ.
1992 онд Казахстан улс Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс тухай үедээ отгон нь болон салж тусгаар тогтнолоо зарлаж байсан бол Монгол улсад ардчилсан хувьсгал ялж нэг нь улиран залардаг ерөнхийлөгчөөр удирдуулж нөгөө нь өөрчлөгдөж солигдоод ч нэмэр байдаггүй төрийн тэргүүдээ аргадсаар 17 жилийг үджээ. Харин энэ хугацаанд Казакстан улс аадар борооны дараах тал шиг цэцэглэж хүн амынх нь амьдрал эрс дээшилж ямар сайндаа л далан жил Монгол нутагт амьдарсан хасаг өвгөд, эмгэд хүртэл Казакстандаа ясаан тавина хэмээн Алтайг даван одохов. Тэр бүү хэл эрээн, сөүлийн хооронд оймс гутлын үнэ хаялцахаас холыг хийж чадахгүй байгаа Монголын бизнесийн бүлэглэлийнхэн тив алгасан хар алт, биллион долларын гэрээ хэлэлцээр хийж байгаа Казакстанаас үлгэр авч Монголын томоохон Оюу толгой, Таван толгой зэрэг орд газруудыг үнэ тохиролцвол харийнханд өгөөд ч хамаагүй унац олъё хэмээн бачимдан орилцгоосон. Тухайлбал, нийтлэлч нөхөр Баабар бичихдээ Монголын баялгийг өнөөдөр ашиглахгүй бол маргааш үнс болж хувирна хэмээн халаглан Монгол хүний тэнэгийг гайхсан нь саяхан. Гэтэл бидний гайхан шагширч байсан Казакстан улсын их баялаг ололтууд нэгэнтээ хүнийх болоод буйг дараах баримтууд үзүүлж байна.
Ноён ерөнхийлөгч Назарбаевын БНХАУ-д хийсэн айлчлалын дараахнаас эхлээд Казакстаны томоохон банк, газрын тос олборлох компаниуд дампуурлаа зарлацгаав. Үүний эхлэлийг Казакстандаа хамгийн томд тооцогдох үндэсний банк нь гадаад улсуудаас авсан 11 биллион долларын зээллэгээ буцааж чадахгүй болсноо мэдэгдсэнээр тавьсан. Дараахан нь мөн л улсын гурав дахь том банк нь гадаадын хөрөнгө оруулагчдаад хувьцаагаа зарахаа мэдэгдсэн бол дөрөв дэх томоохон банк нь бас л 4 биллион долларын өрөнд орсноо мэдэгдээд байгаа билээ. Энэ үеэр овжин Ху өвөө Шанхайн Хамтын Нийгэмлэг гүрвэлээ унаад 10 биллион долларын бэлгээ тарааж явах үедээ Казакстаны тогооноос овоохон юм шүүрээд авлаа. Иймээс одоогийн байдлаар Казакстаны банкуудад таван биллион долларын бэлэн мөнгийн тусламж үзүүлсэн БНХАУ Казакстаны үндэсний газрын тосны компани ГазМуниГазын 50 хувь, Пэтроказакстаны 67 хувь, МангицтауМунайГазын 49 хувийг эзэмшиж байгаагийн зэрэгцээ АктёбМунайГазыг бүрэн эзэмшиж байгаа ажээ. Үүнээс улбаалан албан бус сурвалжаас үндэслэвэл одоо Казакстан улсад жил бүр 4,000 хятад ажилчин орж ирэх гэрээтэй болсон ба хэрэвзээ ил далд зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгч чадахгүй бол Алматы(Алимтай)-гаа 100-н жилийн хугацаатай БНХАУ-д түрээсэлж мэдэх аюул нүүрлээд байна. Энэ бүхнээс Монголчууд бид нэгийг бодох нь л зүйтэй. Турк улс төдийгүй төв, дундад Азийн олон оронтой эдийн засаг, соёлын өргөн харилцаатай байдаг Казакстан улс Уалл Стрийтийн хүрэн үрээ нэг тонгороход банктайгаа юутайгаа Ху өвөөгийн торонд орж байгаа бол далайд битгий хэл газарт ч гарцгүй миний Монгол ихээхэн бодож байж нүүдлээ хийх нь зөв буйзаа. Гэвч нэгэнтээ холын Амеркийн мэргэжилтнүүд ирээд Монголыг удаан боловч ёс номоороо хөгжиж л байна гэсэн юм гэсэн.
Угтаа Алтайн сүрлэг уулсыг морин хуурын уянгат эгшиг, домбрын цоглог хэмнэлээрээ аргадан наадуулах Казах, Монгол хоёр үндэстэн эртний түүхт нүүдэлчин аймгуудын голомтыг сахисан тулгын гуравхан чулууны хоёр нь. Тэр дундаа Казакын олонхийг бүрэлдүүлдэг Аргын, Найман, Жалайр, Хонгират, Дуклат, Мангууд зэрэг аймаг нь Монголтой хэлхээ бэхтэй, хэвэл нэгтэй. Аргын аймгийн залуутай таарахад мэндийн солиогүй зөрөхгүй, Найман аймгийн бүсгүйтэй уулзахад цайгүй үднэ гэж үгүй билээ.
Магадгүй ирээдүйд энэ бүхнээс дахинтаа сургамж авсан Монгол, Казакстан улсууд нэгнээ түшин хөгжлийн гарцыг хайж Монгол, Казакстан, Киргизстан төдийгүй Якут, Нэнэтийн ард түмнүүд Ху өвөөгийн дуудлагаар үйлчлэхээ байж, Иван ахын харцнаас дальдчилгүй амар жимэр амьдрах цаг ирэх буйза. Нөгөөтэйгүүр хэрэвзээ Казакстан улс Хятадын бүрэн харааных болох аваас нэгэнтээ Оросын Манжуурыг үмхлээд байгаа шар аюул Монголыг захлан тойрсоор зажлахгүй залгиж мэдэх нь. |